top of page

YogaForMongolians

Та иог хийж чадна

​Иогийн ухаан гэж юу вэ? Иогийн ухаан гэдэг нь өөрийн гэсэн судлах зүйлтэй, учир шалтгаантай бусад шинжлэх ухаан, анагаах ухаан, хатан ухаантай адил амьдралын гүн ухаан буюу мэдлэг юм.

Энэхүү мэдлэгт нэвтрэхийн тулд бид өөрийн бие, сэтгэл, амьсгалтайгаа ажиллах шаардлагатай болдог. Эдгээр гурван зүйл болох бие, сэтгэл, амьсгалын нэгдлийг Иог гэж ойлгож болно. 

Yoga at Home

   Иог нь одоогоос 5000 жилийн өмнөөс үүсэлтэй бөгөөд 18-р зуун хүртэл зөвхөн эрчүүд тэр тусмаа хаад ноёд, сэхээтнүүдийн эрүүлжих нууц эмчилгээ байсаар иржээ. Харин 18-р зуунаас эмэгтэйчүүд мөн хичээллэх болсноор олон урсгал чиглэл үүсч хөгжсөн түүхтэй. Иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй боловч орчин үед дэлхийн өнцөг булан бүрт нийт иогоор хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа бөгөөд 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Иогийг ийнхүү системтэйгээр хөгжихөд гол нөлөөлсөн хүн бол Патанжали юм. Тэрээр эртнээс уламжилж ирсэн бидний хүрээлэн буй орчныг дуурайн үйлддэг олон хөдөлгөөнийг иогийн дасгал хөдөлгөөн болгож анхны иогийн судар номыг бичиж үлдээсэн нь өдгөө ямар ч хүн даган хийхэд ойлгомжтой болж өгчээ.

   Иог нь олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг. Иогоор хичээллэснээр тодорхой өвчнийг анагаах, эрүүлжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, галбиржих(турах, таргалах), хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, сэтгэл санаагаа тайвшруулах, сөрөг сэтгэл хөдөлгөөнийг арилгах, стресс ядаргааг тайлах, анхаарал төвлөрлөө сайжруулах, амьдралд илүү эрч хүчтэй болох, өөрийнхөө дотоод мөн чанарыг таних, залуужих гэх мэт үр дүнг мэдрэх боломжтой болдог.

Vinyasa Yoga

   Иогоор хичээллэхдээ иогийн үндэс суурь болох Патанжали иогийн судрын 8 мөчрийг мэдэж байвал зохино. Эдгээрийг дэлгэрэнгүй дурдваас:

1. Яма(YAMA)-Нийгмийн ёс зүйн 5 сахил буюу гадаад орчинд үлгэрлэх зарчим:

  • Ахимса(Ahimsa)-Үг, бодол, үйлдлээрээ хүчирхийлэл хэрэглэхгүй буюу бусдад зовлонгийн шалтгаан болохгүй байх

  • Сатьяа(Satya)-Үг болон үйлдэл нь үнэн байх буюу худал хэлэхгүй байх

  • Астея(Asteya)-Хулгай хийхгүй байх бусдын зүйлд шунахгүй байх

  • Брахмачарья(Brahmacharya)-Тэнгэрлэг хүчинд итгэх, хүсэл тачаалаа хянаж ариусахуйн энергийг хуримтлуулах

  • Апариграха(Aparigraha)-Цэвэр ариун байх буюу зүй бусаар эс явалдах

2. Нияма(NIYAMA)-Хувийн ёс зүйн 5 сахил буюу дотоод хүнээ ариусгах зарчим:

  • Шауча(Saucha)-Бие сэтгэлийн ариун байдал буюу цэвэр бодол тээх, эрүүл хоол хүнс хэрэглэх

  • Сантоша(Santosha)-Юу ч тохиолдсон сэтгэл ханамжтай байх буюу сэтгэлээ тэнцвэртэй байлгах

  • Тапас(Tapas)-Хувийн сахилга баттай байх буюу өөрийгөө хянах тэсвэр тэвчээртэй байх

  • Свадия(Swadiya)-Өөрийгөө хөгжүүлэх, үргэлж суралцах

  • Ишвара пранидхана(Ishvarapranidhana)-Даруу байх, хүлцэх, тэнгэрлэг хүчинд даатгах

 

3. Асана(ASANA)- Иогийн дасгал байрлалууд

4. Пранаяама(PRANAYAMA)- Амьсгалын дасгалууд

5. Пратьяхара(PRATYAHARA)- Өөрийгөө ажиглаж, дотогшоогоо төвлөрөх

6. Дхарана(DHARANA)- Нэгэн үзүүрт сэтгэл буюу төвлөрөл

7. Дхяана(DHYANA)- Бясалгал

8. Самади(SAMADHI)- Дээд ухамсар, Жинхэнэ би-тэйгээ нэгдэх

Иогийн төрлүүд:

  • Хатха иог: Биеийг эрүүлжүүлэх дасгал хөдөлгөөн. Барууны орнуудад түлхүү тархсан байдаг.

  • Бхати иог: Бурханы ивээлд багтсанаар төсөөлөн залбирах, магтан дуулах зэргээр өөрийгөө цэвэрлэдэг.

  • Жнана иог: Мэдлэгийг төв болгох ба өндөр сэтгэх чадвар бүхий оюунлаг хүмүүст зориулагддаг.

  • Карма иог: Хариу нэхэхгүйгээр чин сэтгэлээсээ бусдад туслах буяны зам мөр юм.

  • Тантра иог: Биед орших 7 хүрдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд оршино. Мөн эдгээрээс гадна сүүлийн үед халуун иог(викрам), аштанга иог, виньяаса иог, акро иог зэргээр дасгалын урсгал хөдөлгөөнөөр төрөлжүүлэн ангилах болсон. Та өөртөө таалагдсан аль ч төрлөөр хичээллэх боломжтой юм.

Vinyasa Yoga

Иогийн үндсэн 84 асана байдгаас өөрт тохирсныг сонгон хооронд нь холбон урсгал дасгал болгон хийж болно. Эцэст нь иог нь хүнийг амьсгал болон дасгал хөдөлгөөнөөр дамжуулан бясалгалд хөтлөн аваачдаг. Өөрөөр хэлбэл иог бол хөдөлгөөнт бясалгал, эмгүй эмчилгээ юм.

Иогт хүний урт богино наслах нь амьсгалын тоотой холбоотой байдаг гэж үздэг. Хүн амьсгалаа хэр урт гүнзгий авч байгаагаас энэ тоо хэр хурдан эсвэл удаан тоологдох нь хамаардаг байна. Хүн хорвоод мэндэлсэн цагаас үхэх агшин хүртлээ амьсгалдаг. Төрөх үхэхийн хооронд бүх юм хувиравч амьсгал хэвээр байдаг. Бидний амьдрал бол бидний амьсгал юм. Амьсгал зогсвол амьдал зогсоно. Гэвч хүмүүс төдийлөн өөрийн амьсгалыг анзаарахгүйгээр амьдарч байдаг. Харин иогийн дасгал хөдөлгөөний үед амьсгалаа анзаарч өөрийн дотоод хүнлүүгээ анхаарах боломжтой болдог байна.

 

Судалгаанаас үзэхэд:

Иогоор 3 сар тууштай хичээллэхэд стрессийн түвшин 50% буурдаг ба 1 жилийн турш иог бясалгалаар тасралтгүй хичээллэсэн хүмүүсийн цусны даралт, холестрины хэмжээ буурч, тархины цусан хангамж сайжирсан ба ердөө 8 долоо хоногийн турш бясалгал хийхэд биеийн эд эсүүд сэргэж, идэвхитэй болдог нь тогтоогджээ. Хүүхэд хүртэл иогоор хичээллэснээр анхаарал төвлөрөл, ой санамж нь сайжирдаг байна. Иог нь дархлааны системийг сайжруулдаг учраас нойргүйдлээс сэргийлж, шөнөдөө маш бат бөх унтахад тусалдаг тухай судалгаа бий. Мөн нурууны өвчтэй олон хүмүүс иогоор хичээллэснээр нурууны өвчнөөсөө салсан баримт бий. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг байна. Гэх мэтээр иогийн ач тусыг дурдвал олон байх ч үүнийг чихээр сонсохоос илүү өөрийн биеэр мэдрэх нь чухал юм.

"Бие эрүүл, сэтгэл цэвэр, ухаан саруул байх болтугай"

ИОГИЙН УХААН page

Иогийн ухаан гэж юу вэ?

Yoga at Home
bottom of page